Шүүхийн үйлчилгээ иргэдийн дэргэд
2016-07-07 12:47:14 | 76Эрдэнэт хотын их бүтээн байгуулалт өрнөж, Монгол орны өнцөг булан бүрээс илгээлтийн эзэд хуран цуглаж байсан үе саяхан мэт санагдана. Гэвч эдүгээ 40 жил өнгөрөхийн сацуу Орхон аймагт шүүх эрх мэдлийн байгууллага үүсч хөгжөөд 40 жилийг өнгөрөөсөн байна. Орхон аймгийн шүүх үүссэн байгууллагдсаны 40 жилийн ойд зориулж шүүхийн тамгын газраас санаачлан зохион байгуулсан томоохон ажлын нэг нь шүүхийн мэдээлэл лавлагааны шинэ алба юм. Уг албыг байгуулах болсон шийдвэртэй давхцаж Монгол улсын засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 141 тогтоол \"Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолтой нийцэж, иргэдэд шүүхийн үйлчилгээг үзүүлэхэд дөхөм болсон байна.
Эрдэнэт хот эдүгээ 100 гаруй мянган оршин суугчидтай Монгол улсын томоохон хотуудын нэг болоод байна. Соц нийгмийн үед хойд хөршийн мэргэжилтнүүдийн оюун ухаанаар бүтээгдсэн Эрдэнэт хот барьж байгуулах анхны зураг төсөл дээр Эрдэнэтийг 12 иж бүрэн бичил хороололтой 40 мянган оршин суугчтай хот байхаар төлөвлөсөн гэдэг. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцэн батлагдсан шинэ үндсэн хуульд \"Монголын ард түмэн амьдран суух газар нутгаа өөрөө сонгох эрхтэй” гэсний дагуу Эрдэнэтийн хүн ам сүүлийн 20 гаруй жилд огцом өссөн. Тэр хэрээр гэр хороолол хаяагаа тэлж өнөөдөр 15944 өрх, 51812 хүн амтай болсон байна. Эндээс харахад Орхон аймгийн хүн амын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна.
2016 онд ашиглалтад орсон Цагаанчулуут багт байрлалтай \"Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д. Шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 04-р сарын 18-ны өдрийн 49 дугаар тушаалаар шинэ Мэдээлэл лавлагааны ажилтны ажиллах журмыг баталж 04-р сарын 25 ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайн журамд нь Шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтны зорилт, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, ажил үүрэг бусад зүйлсийг тодорхой зааж өгсөн байна. \"Төрийн үйлчилгээний нэг цонхны нэгдсэн төв”-ийн байранд мэдээлэл, лавлагааны ажилтан ажиллуулах нь иргэдэд шүүхийн үйл ажиллагааг ойртуулж байгааг иргэд ихээхэн дэмжиж, талархан хүлээн авсан үйл ажиллагаа боллоо.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд \"Үйлс бадрах” өрхийн эмнэлэг, Эмнэлгийн түргэн тусламжийн хэсэг, Цагдаагийн хоёр хэсэг, Мобикомын салбар, банк гэх мэт гэр хорооллын иргэдэд өдөр тутам хэрэгцээтэй үйлчилгээнүүд энд төвлөрчээ. Хамгийн гол нь энд Төрийн нэг цэгийн үйлчилгээний танхимд:
-Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
-Нийгмийн халамжийн үйлчилгээ
-Нийгмийн даатгалын үйлчилгээ
-Татварын байцаагч
-Иргэний бүртгэл мэдээллийн ажилтан
-Газрын харилцааны ажилтан
-Кадастрын зураг хийх үйлчилгээ
-Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн мэдээлэл, зуучлалын ажилтан тус бүр өөр өөрийн байгууллагын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.
2016 оны 04-р сарын 25-ны өдрөөс 2016 оны 06-р сарын 25-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд
·Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар 200 иргэнд
·Гомдол, Хүсэлт, Өргөдлийг хэрхэн гаргах талаар 100 иргэнд
·Улсын тэмдэгтийн хураамж төлөх банк, дансны дугаар, төлөх мөнгөн дүнгийн талаар 64 иргэнд
·Хэргийн оролцогчдын эрх, үүргийн талаар тайлбарлах 60 иргэнд
·Хэрэг, маргааны тухай шүүхэд хэзээ ирсэн, хуваарилагдсан шүүгч, шүүгчийн туслахын нэрийг 60 иргэнд
·Тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх хуулийн хугацааны талаарх мэдээллийг 60 иргэнд
·Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан 30 нэхэмжлэл хүлээн авсан.
·Орхон аймаг дахь эвлэрүүлэн зуучлалд 20 өргөдөл хүлээн авсан.
·Албадан гүйцэтгүүлэх 20 иргэний хүсэлтийг хүлээн авч хүлээн авч шүүгч, шүүгчийн туслахуудад хуваарилсан нь тухайн мэдээлэл лавлагааны ажилтны гар бүртгэлийн дэвтэрээс харагдана.
Мөн тухайн нэг цонхны үйлчилгээний танхимд телевизээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс, шүүхийн тамгын газрын орон нутгийн телевизүүдтэй хамтран бэлтгэн гаргасан богино хэмжээний нэвтрүүлэг, хуулийн танилцуулга, шторкуудыг үйлчлүүлж буй иргэдэд тогтмол үзүүлж байна. Шүүхийн үйл ажиллагааны талаарх санал хүсэлт, гомдолыг хүлээн авахаас гадна, шүүгч ажилчдын талаар, шүүхийн үйлчилгээний талаар тогтмол санал асуулгыг авч боловсруулан дүн шинжилгээ хийж байна. 2 сарын хугацаанд ТҮНБ-ны нэг цонхны үйлчилгээний танхимаар үйлчлүүлж байгаа иргэдээс 250 орчим санал авсан байна. Нөлөөллийн мэдүүлэг болон Иргэдийн төлөөллөгчийн эрх үүргийн талаар мэдээлэл өгч ажиллахаас гадна шүүхийн тамгын газрын хөтөч туслах ажилтны хийдэг ажлуудыг давхар хийж иргэдэд үйлчилж байна.
Иргэдээс ТҮНБ-ны нэг цонхны үйлчилгээнд Шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны алба ажиллах шаардлагатай, иргэдэд хэр хүртээмжтэй ойр тус дөхөм болж байгаа талаар судалгаа авч, судалгаанд хамрагдсан иргэдийн 90 хувь нь ажиллах шаардлагатай иргэдэд илүү ойр болж чадаж байна гэж хариу өгсөн байна. Энэ шүүхийн мэдээлэл лавлагаа нь иргэдэд шүүхийн мэдээллийг хүлээн авч, үйлчлүүлэхэд ойр дөхөм болсоныг тодхон харуулна.
Иргэн Д.Баатархүү: Иргэн хүнд мөнгө санхүүгийн хэмнэлттэй
-Гэр хорооллын нэгдсэн байранд байрлаж байгаа \"Нэг цонхны үйлчилгээ”-нд шүүхийн мэдээллийн албыг ажиллуулж эхэлснээр иргэд бидний хувьд мэдээллийг түргэн шуурхай авч байна. Иргэн хүнд мөнгө санхүүгийн хувьд ч хэмнэлттэй юм. Заавал төв шүүхийн байгууллага руу очих шаардлагагүй болжээ. Шүүхийн байгууллагаас мэдээлэл авах гэсэн иргэдэд хуулийн мэргэжлийн зөвлөгөө өгдөг давуу талтай юм байна. Шүүх шинэчлэгдэж байна гэж ярьдаг. Үүнийг мэдэрч байгаа гэр хорооллын иргэдийнхээ өмнөөс баярлаж байна.
Иргэн Уранчимэг: Боломжийн, аятайхан үйлчилгээ гэж бодож байна
-Гэр хороололд амьдардаг хүмүүс шүүхийн байгууллагаас яаж , ямар үйлчилгээ авахаа мэдэхгүй будилдаг. Харин энд бүх төрлийн мэдээллийг нэг дороос авах нь иргэдийн хувьд амар боллоо. Цаг зав, мөнгө төгрөгөө ч хэмнэх боломжтой юм. Аймгийн шүүхийн тамгын газар хол байрлалтай болохоор яарсан сандарсан үед унааны мөнгөгүй хүмүүст хэрэгтэй. Наад зах нь хуулийн зөвлөгөө, өргөдөл, хүсэлт бичих талаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авчихна. Боломжийн, аятайхан үйлчилгээ гэж бодож байна.