-1

Шүүхийн цахимжилтын явцын танилцуулга уулзалт боллоо

2024-09-11 00:00:00    |   26

 

          “Шүүхийн цахимжилтын зөөлөн дэд бүтцийг боловсруулж, нэвтрүүлэхэд” дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн анхны уулзалт энэ сарын 05-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

       Тус арга хэмжээнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг, гишүүн Н.Баасанжав, Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа, Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж болон бусад Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төслийн удирдагч Т.Мөнхбаяр, "Ай Ти Инсайт” ХХК-ийн төслийн удирдагч А.Баттамир болон ажлын хэсгийн гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн дарга нар оролцсон юм.

 

 

           Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэгээр ахлуулсан тус дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 08 сарын 01-ны өдрийн 149 дүгээр тушаалаар баталсан.

         Уулзалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг нээж, хэлсэн үгэндээ “Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологийн түүх эхэлсэн 1989 оноос хойш 2023 он хүртэл программ хангамж, техник хангамж, мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл солилцооны үсрэнгүй хөгжлийг бий болгосон хэдий ч мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн өнөө үед шүүхийн цахим шийдэлд үүлэн технологи, блокчэйн, хиймэл оюун ухаан, машины тооцоолол, виртуал орчин дэмжих, е-рау, цахим төлбөр тооцооны системийн хөгжүүлэлт хийх зэрэг олон улсын дэвшилтэт, сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий өгөгдөл солилцооны интеграци бий болгох зайлшгүй шаардлага урган гарсан. Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 332 дугаар тогтоолоор "Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого"-ын баримт бичгийг олон талын оролцоотойгоор боловсруулан баталсны дагуу 2024-2027 оны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг Монгол Улсын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлийн чиг хандлагатай уялдуулан Шүүхийн мэдээллийн технологийг “Шүүхийн цахим шийдлийн энтерпрайз архитектур” -ын дагуу хөгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгасан” гэдгийг онцлоод танилцуулга уулзалтад амжилт хүсэв.

 

 

         “Шүүхийн цахимжилтын зөөлөн дэд бүтцийг боловсруулж, нэвтрүүлэхэд” дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн уулзалтаар тухай төслийг хариуцан хийж байгаа  “Ай Си Ти Групп” ХХК -ны үйл ажиллагаатай танилцаж, цаашид төслийн хэрхэн хэрэгжүүлэх талаар  Шүүхийн ерөнхий зөвлөлийн төслийн удирдагч Т.Мөнхбаяр танилцуулав.

 

/Ай Ти Инсайт” ХХК-ийн төслийн удирдагч А.Баттамир/

 

 /Шүүхийн ерөнхий зөвлөлийн төслийн удирдагч Т.Мөнхбаяр/

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

. . .