“МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭТГЭЛИЙГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2026-04-30 00:00:00 | 90Шүүхийн ерөнхий зөвлөл Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэл “Твиннинг” төсөлтэй хамтран ”Монгол Улсын шүүхийн дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай” сэдэвт сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулж, сургалтын үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, О.Жанчивнямбуу, Л.Өлзийжаргал, Х.Эрдэм-Ундрах болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын Сургалт, хөгжлийн асуудал хариуцсан референт Э.Батцэнгэл, Мэдээлэл, ёслол хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Намунаа, Т.Цэвэлсүрэн, анхан болон давж заалдах шатны 21 шүүхийн Тамгын газрын дарга хамрагдав.

Сургалтын үйл ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ: “Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хөгжүүлэх зорилгоор Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад шударга ёсны шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэл “Твиннинг” төслийн хүрээнд тус сургалтыг зохион байгуулж байна.
“Твиннинг” төсөл нь Монгол Улсын шүүхийн тогтолцоог бэхжүүлж, ил тод, хариуцлагатай, үр ашигтай болгоход чиглэсэн стратегийн ач холбогдолтой бөгөөд энэ хүрээнд бид зөвхөн онолын түвшинд бус бодит хэрэгжилтэд суурилсан практик өөрчлөлт шинэчлэлийг зорьж байна.” гэв.

Сургалтын гол зорилго нь тус төслийн хүрээнд шүүхийн байгууллагын давуу ба сул талыг тодорхойлж, сайжруулалт, өөрчлөлт хийх санал зөвлөмж боловсруулж, шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтан болон шүүгч хоорондын уялдаа холбоо, харилцаа, хандлагыг сайжруулж, удирдлагын манлайлал, ажил үүргийн уян хатан хуваарилалт ба мэргэшил, шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг хэрхэн буруулах, чиг үүрэгтэй нь уялдуулах, мөн өмнөх айлчлалын тайлан үндэслэн шүүхийн захиргааны ажилтнуудад практик талаас нь хэлэлцэх, шүүхийн практик ажилтнуудтай санал солилцох, цаашид хэрэгжүүлэх боломжит алхмуудыг тодорхойлох талбар бүрдүүлж, Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын одоогийн дотоод процесс, шийдвэр гаргалтын механизмд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, ЕХ/ХБНГУ-ын сайн туршлага дээр үндэслэн оновчтой, уян хатан, үр ашигтай загвар боловсруулах чадавхыг нэмэгдүүлэх юм.

Сургалтыг Умард-Райн Вестфален муж улсын Эссен хот дахь Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан К.Х.Волески “Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтан ба шүүгч хоорондын харилцаа, хандлага ба манлайлал”, “Шүүхийн одоогийн шийдвэр гаргалтын процесс: Монголын нөхцөл, Шүүхүүдийн ачааллын ялгаа, тулгарч буй асуудал (УБ ба орон нутаг)” сэдвээр, Умард-Райн Вестфален муж улсын Эссен хот дахь Анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга К.Брухштайнер “Ажил үүргийн уян хатан хуваарилалт ба мэргэшил”, “Шүүхийн захиргааны ажилтны ажлын ачаалал”, Процесс оновчлол ба хялбаршуулалд: ХБНГУ-ын сайн туршлага, Өр төлбөр барагдуулах журам, Шүүх хуралдаангүй шийдвэрлэх механизм” сэдвээр удирдан явуулж, оролцогч нар сургагч багш нартай ХБНГУ-ын шүүхийн үйл ажиллагаа болон Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааны талаар туршлага судалж, санал солилцов.
Сургалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа сургалтад оролцож буй анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нартай “Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа болон манлайлал, анхаарах асуудал” сэдвээр уулзалт хийж, сургалтын үйл ажиллагааг өндөрлүүлэв.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР