-1

Тахарыг үлдээх таван үндэслэл

2016-08-09 10:07:40    |   76

Тахарын албаны тухай хууль хэрэгжиж эхлээд гурван жил ч болоогүй байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газар шинэхэн байгуулсан энэ албыг татан буулгах тухай анх ярьсан ч тэгсхийгээд намжсан юм. Гэтэл энэ асуудал 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа дахин сөхөгдлөө.

 

Сонгуулиар УИХ-д олонхийн суудал авсан нам Засгийн газраа ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байгуулах вэ гэдгээ шийдвэрлэх Үндсэн хуулийн бүрэн эрхтэй. Тэгэх ч ёстой. Яагаад гэвэл сонгогчид тухайн намыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл гэж сонгосон. Тэрэндээ тохирсон бүтцийг бий болгох шаардлага байдаг. Тийм ч учраас УИХ-д 65 суудал авсан МАН 13 яам, 16 сайдтай байхаар шийдэж байгаа нь зүйн хэрэг.

 

Тэгэхдээ энэ дотроо шинээр байгуулагдсан Тахарын албыг татан буулгаж байгаа нь анхаарал татаж байна. Хэдийгээр бүтцээ өөрсдөө бий болгох бүрэн эрхтэй боловч өмнөх УИХ-ын үед байгуулсан чухал институтыг хадгалаад явах нь дээр байсан.

 

ТАХАРЫН АЛБЫГ БАЙГУУЛСАН ШАЛТГААН

 

Тахарын албыг татан буулгах эсэх бол улстөрийн шийдвэр. Гэхдээ, ийм шийдвэр гаргахаас өмнө энэ албыг яагаад байгуулсан бэ гэдэг шалтгааныг эргэн харах хэрэгтэй. Тахарын алба гэрч, хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үндсэн чиг үүрэгтэй, үүгээрээ шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэхийг зорьдог.

 

Эдгээр чиг үүрэг урд нь хангалттай хэрэгждэггүй байсан учраас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Тахарын албаны тухай хууль зэргийг батлах, илүү үр нөлөөтэй шинэ бүтэц бий болгох шаардлагатай байсан. Тахарын алба байгуулагдахаас өмнө гэрч, хохирогч, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалах цогц тогтолцоо хангалттай бүрэлдээгүй байсан гэж хэлж болно.

 

Гэмт хэрэгтэй холбоотой үйл баримтыг мэдэж байгаа, тухайн хэрэгт оролцоогүй, сонирхолгүй этгээдийг гэрч хэлдэг. Гэрчийн мэдүүлэг бол шүүх шийдвэрээ гаргахад тулгуур болох нэгэн чухал эх сурвалж.

 

Хэдийгээр гэрч үнэнийг мэдүүлэх үүрэгтэй гэдэг утгаараа шүүхэд очиж мэдүүлэг өгдөг боловч мэдүүлэг өгсний дараа нь тухайн гэрчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй байх үед гэрчийг дарамтлах айлгах, мэдүүлгийг нь өөрчлүүлэх гэж шахдаг явдлууд ил болон далд хэлбэрээр гарч байсан талаар яригддаг.

 

Хохирогчийг хамгаалах тогтолцоо бүрдээгүй, хохирсон дээрээ дахин хохирдог байсан. Олон төрлийн гэмт хэргийн хохирогч дээр илрэх ч гэр бүлийн хүчирхийллийн хоригч бүрэн хамгаалалтгүй байсан.

 

Гэр бүлийн хүчирхийллийн хоригч нарт туслах зорилготой олон жил үр бүтээлтэй ажиллаж буй \"Хүчирхийллийн эсрэг үндэсний төв\" ТББ-ын захирал Д.Энхжаргал Тахарын албыг татан буулгахыг эсэргүүцэж дараах тайлбарыг хэлсэнтэй санал нэг байна.

 

\"Хэрвээ гэмт хэргийн хохирогч болсон бол, тэгээд айдас, дарамтаас хамгаалагдах шаардлагатай тулгарч байсан бол арай өөрөөр харах байсан байх. Харамсалтай нь ийм хүмүүсийг ингэж хамгаалсан гэж олон нийтэд ил тавих, тайлагнах боломжгүй байдаг ажлынх нь онцлогоос болоод хүмүүс сайн мэдэхгүй байна.

 

Түүнээс биш гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдах эрсдэлд хүрсэн олон хохирогчийн бодитоор хамгаалж чадсан жишээг би мэднээ. Бас зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогчийг яаж хамгаалж байсныг. Даанч тэр хүмүүсийн нэр төр, хувийн нууцлалыг хамгаалах үүднээс ил болгож дэлгэх боломжгүй.

 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахын тулд Тахарыг байгуулсан. Өмнө нь, шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад учир дутагдалтай байсан. Тодорхой шүүгчийн бие мах бодь, амь насанд халдсан, доромжилсон тохиолдлууд гарч байв.

 

Жишээлбэл 2008 онд 7-р сарын 1-ний цуглаанд оролцсон хүний хэргийг шийдвэрлэсэн нэг шүүгчийн бие махбодод халдаж байсан. Мөн, 2012 оны 3 сард цагдаагийн хурандаа нарыг цагдан хорих асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийг шүүхийн байрны гадаа цохисон, доромжилсон хэрэг гарсан. Тэгэхээр энэ мэт асуудлыг шийдвэрлэхийн тулд Тахарын албаны тухай хуульд батлагдаж гарсан.

 

Шүүхийн тухай судалгаа хийх явцад шүүгчид болон шүүхийн ажилтнуудтай ярилцаж байхад Тахарын алба байгуулагдсанаар тэдний аюулгүй байдал хамаагүй сайжирсан, шүүхийн ажил хэвийн явагдах нөхцөл өмнөхөөс илүү бүрдсэн гэж ам сайтай байсан.

 

ТАХАРЫН ЧИГ ҮҮРГИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА РУУ ШИЛЖҮҮЛЖ БОЛОХГҮЙ ҮНДЭСЛЭЛ

 

Өнгөрсөн хавар Тахарын чиг үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжүүлнэ гэж яригдаж байгаад намдсан. Одоо энэ чиг үүргийг нь цагдаа руу шилжүүлнэ гэж байна. Гол маргаж байгаа зүйл нь бие даасан Тахарын алба гэж байх ёстой юм уу, эсвэл энэ албаны чиг үүргийг цагдаагийн байгууллага хийх ёстой

юу гэсэн бодлогын зөрүү.

 

Миний хувьд гэрч, хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зэрэг тусгай чиг үүргийг цагдаагийн эсхүл өөр бусад байгууллагад хавсруулснаас бие даасан, алба, бүрэлдэхүүнд хариуцуулах нь илүү дээр гэж үздэг, Үүнийг таван үндэслэлээр хэлье.

 

Нэгд,гэрч, хохирогч, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ийм тусгайлсан алба байснаар зөвхөн энэ зорилгын төлөө ажилладаг, мэргэшсэн албан хаагчидтай болж байна. Эдгээр чиг үүргийг дагнасан байгууллага хариуцах, мэргэшсэн албан хаагчдаар гүйцэтгүүлэх нь өөр байгууллагын харьяа болгож хавсарга ажил болгохоос хавьгүй үр дүнтэй. Тахарын алба, тахар ажилласнаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах соёл, боловсрол, хандлага, тогтолцоо хөгжиж байна.

 

Хоёрт,эрх мэдэл хуваарилах зарчим бие даасан Тахарын алба байхыг дэмждэг. Ганцхан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг биш ерөнхийдөө төрийн ялгаатай чиг үүргүүдийг өөр өөр субъектүүд дээр хэрэгжүүлэх юм бол тэр нь илүү үр дүнтэй гэсэн зарчим олон ардчилсан улсад хэрэгждэг.

 

Хэрэв бүх эрх мэдлийг нэг газар төвлөрүүлчихвэл тэр эрх мэдлийг урвуулан ашиглах, нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөд хүрдэг. Цагдаагийн байгууллага бол нийгмийн аюулгүй байдал хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэй.

 

Гэтэл энэ нь дээр нэмээд Тахарын албаны чиг үүргийг нэмээд өгөхөөр тэнд эрх мэдлийн төвлөрөл бий болдог. Үүнээс сэргийлж тухайлсан Тахарын алба байгуулсан болов уу гэж бодож байна.

 

Гуравт,цагдаагийн байгууллагад шилжүүлэх юм бол үр нөлөө буурна гэж ойлгож болно. Яагаад гэвэл цагдаагийн албан хаагчдын тоо Монголын хүн амын тоотой харьцуулахад тийм хүрэлцээтэй биш гэдэг.

 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин үүний талаар хэлэхдээ: \"Цагдаагийн байгууллага байх ёстой орон тоогоосоо 1250 албан хаагчаар дутуу байгаа. Төсөв байхгүй учраас орон тоогоо гүйцээж чадахгүй байгаа шүү дээ. Ийм байхад яаж цагдаагийн байгууллага гэрч хохирогчийг хамгаалах юм бэ. Ийм байхад өөр ажил нэмж өгвөл цалгардах магадлалтай.

 

Дөрөвт,тахарын чиг үүрэг Цагдаагийн байгууллагад шилжсэнээр эргээд Цагдаагийн алба хаагчид ч юм уу, эрх мэдэлтэй хүмүүсийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдлээ гэхэд заримдаа ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл бий. Ганц жишээ авахад дээр дурдсан цагдаагийн хурандаа нарын хэргийг 2012 оны 3-р сард шүүх шийдвэрлэж байсан юм.

 

Тухайн хэргийг шүүсэн шүүгчийг гарч явж байхад нь шүүхийн үүдэн дээр хүмүүс хэл амаар доромжилж, хоёр залуу биед нь халдсан. Цагдаагийн дарга нарын асуудлыг шийдэж байсан учраас тэнд байсан цагдаа нар тухайн шүүгчийг хамгаалахаас татгалзсан гэсэн мэдээ тухайн үед хэвлэлээр цацагдаж байсан.

 

Тавд,Тахарын алба байгуулагдаад 3 жил ч хүрээгүй байна. Шинэ хууль, шинэ тогтолцоо, шинэ бүтцийг бий болгочхоод ийм богино хугацааны дараа тогтолцоогоор нь өөрчлөх нь хууль дээдлэх ёсонд харш юм. Хуулийн институт тогтвортой үйлчилж байж үр дүн нь гардаг. Тахарын алба тогтвортой ажиллаж байж гэрч, хохирогч хамгаалагдаж, шүүхийн аюулгүй байдал хангагдана.

 

Тэгэхээр нэг шинэ институтыг байгуулаад ажиллуулж эхэлж байхад, тэрийг татан буулгаад л нэгнийхээ хийсэн юмыг үгүйсгээд байх юм бол төрийн бодлогын залгамж чанар гэдэг юм байхгүй болчих гээд байгаа юм. Мэдээж намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтцийг бий болгох хэрэгтэй ч өмнөх олонхын хийсэн ийм ололттой шинэчлэлийг үгүй хийж байгаа нь туйлын харамсалтай.

 

ТАХАРЫН АЛБЫГ ТАТАН БУУЛГАСНААР ГАРАХ ҮР ДАГАВАР

\"Тахарыг

 

2014 оноос Тахарын чиг үүргийг агентлагийн түвшний байгууллага, албан хаагчид тусгайлсан хэрэгжүүлж эхэлсэн нь энэ чиг үүрэгт ач холбогдол өгч, үр нөлөөтэй, хараат бус хэрэгжүүлэх үндэс болсон. Тахарын чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлбэл энэ чиг үүргийн ач холбогдол бүдгэрч, дагалдан шинжтэй болох, улмаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангагдаж чадахгүй, гэрч, хохирогчийг хамгаалагдаж чадахгүй болох аюултай.

 

Тахарын алба татан буугдвал юуны өмнө гэрч, хохирогчийг сайн хамгаалж чадахгүйгээ харуулсан хуучин тогтолцоо руугаа буцаж орно. Үр нөлөөгүй байдал үүсэх боломжтой.

 

Ялангуяа нарийн төвөгтэй хэргүүд, жишээлбэл авилга, албан тушаалын, эдийн засгийн, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болон гэрч үнэнийг мэдүүлэхээсээ цааргалах, мөн, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамгаалалтгүй болж хүчирхийлэгчээсээ айх байдал руу орох эрсдэлтэй.

 

Гэрч, хохирогч айдастай болж, гэмт хэрэгтний эсрэг үнэнийг мэдүүлэхээс эмээдэг болох, улмаар ийм гэмт хэрэг илрэхгүй байх, гэмт хэрэгтнүүд хариуцлагаас мултардаг болох магадлалтай.

 

Ийм гэмт хэргүүдээс болж олон нийт, жирийн иргэд хохирдог. Дээрээс нь, үүргээ биелүүлж шийдвэр гаргасных нь төлөө шүүгчид халддаг эсхүл халдах вий гэж эмээдэг, хэн дуртай нь шүүх хуралдааныг үймүүлдэг, шүүхийн ажил хэвийн явахад саад болдог явдал газар авах вий гэдэгт санаа зовж байна.

 

 

 

О.Мөнхсайхан

/Хууль зүйн доктор, дэд профессор/

Эх сурвалж: www.news.mn сайт


 

. . .