-1

ГОУХАН /GIZ/-ийн хийсэн \"Монгол Улсын шүүхийн цогц зураглал\" судалгааны тайлантай танилцана уу

2016-08-10 09:00:44    |   75

   СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

    

    Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэл, шүүхийн шударга байдалд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагын олон улсын мэргэжилтнүүд Judicial Integrity Scan буюу шүүхийн цогц зураглалын судалгаа хийлээ. Энэхүү судалгааны аргачлалыг НҮБ-аас гаргасан Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчмуудад тулгуурлан тус байгууллагын мэргэшсэн экспертүүд боловсруулсан бөгөөд шүүх эрх мэдлийн байгууллага нь олон улсын стандарт шаардлагыг хангаж буй эсэхийг цогцоор нь үнэлдгээрээ онцлогтой.

    Үнэлгээг олон улсын мэргэжилтнүүд баримт бичиг, хууль тогтоомжийн судалгаа (Desk study), шүүхийн болон бусад байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөлтэй хийх ярилцлагын судалгаа (Interview), дүн шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах гэсэн үндсэн гурван шаттай ажилласан байна.

    Судалгааны баг хараат бус, хөндлөнгийн байх зарчмыг баримтлан дараах шалгуурын дагуу үнэлгээгээ хийсэн:

- Шүүхийн хараат бус байдал (Independence);
- Төвийг сахисан шүүх эрх мэдэл (Impartiality);
- Шүүгчийн ёс зүй (Integrity);
- Шүүгчийн зохистой байдал (Propriety);
- Тэгш эрхийг эрхэмлэх (Equality);
- Хичээл зүтгэл, чадвар (Competence and Diligence).

        Хөндлөнгийн судалгааны багийнхан Хууль зүйн яам, бүх шатны шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хуульчдын холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт, ярилцлага хийж, асуулга авснаас гадна шүүхүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж бодит байдалтай танилцаж дараах дүгнэлтийг хийжээ.

                                             

    Ерөнхий дүгнэлт


        Судалгааны тайлангаас үзвэл Монгол Улсад 2002 оноос эхэлсэн шүүхийн шинэтгэлийн үйл явц 2013 оноос эрчимжсэн бөгөөд шинэтгэл нь нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй байсан бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байгааг онцолжээ.

        Мөн тайланд шүүхийн бие даасан байдлын талаар тогтоосон олон улсын стандартуудын дийлэнх хэсгийг хуулийн хэмжээнд тусгасан байх бөгөөд шүүхийн практикт хэрэгжиж байна гэж дүгнэжээ.

       Тухайлбал, шүүхийн нээлттэй, ил тод байдал, хүртээмжийг бүрэн хангасан, шүүгчдийн цалин хөлсийг нэмэгдүүлж эдийн засгийн хувьд хараат бус ажиллах нөхцлийг бүрдүүлсэн, шүүгчдийн хувийн хараат бус байдлыг хангах замаар төрийн зүгээс нөлөөлөх боломжийг хязгаарласан, шүүгчдийн ажиллах нөхцлийг боломжийн түвшинд хангасан, шүүгчийн сахилга, ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэхэд улс төрийн нөлөөлөлгүй, шүүхийн төсөв, эдийн засгийн хэмжээ өсч байгаа нь судалгааны эерэг дүн гэж тодорхойлжээ.

                                               

     Анхаарах асуудал, зөвлөмж


    - Шүүгчийн цалинг бууруулахгүй байх хууль тогтоомжийн хамгаалалт байхгүй болсноор цалинг бууруулах эрсдэлтэй болсон. Иймд өмнөх эрх зүйн баталгааг буцаан хуульчилж бий болгох,
    - Шүүгч гаргасан шийдвэрийнхээ улмаас гарах хариуцлагаас чөлөөлөгддөггүй бөгөөд энэ нь хараат бусаар, айдас, дарамтгүйгээр шийдвэр гаргахад нөлөөлөх эрсдэлтэй. Иймд шүүгчийг шийдсэн хэргийн улмаас үүдсэн хариуцлагаас чөлөөлөх зарчмуудыг хуульд тусгах,
    - Шүүхийг удаа дараа байгуулж, шүүхийн тогтолцоог өөрчилж байгаа нь шүүгчдийн эрх ашгийг хөндөх эрсдэлтэй. Шүүхийг өөрчлөн байгуулах үед шүүгчийн хараат бус байдлыг хөндөхгүй байх хуулийн зохицуулалтыг нарийвчлан тодруулах.
    - Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн болон шүүгчдийн томилгоо нь хардлага дагуулдаг. Иймд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг өөрчилж, сонгон шалгаруулалтын шалгуур, ажиллагааг нарийвчлах, ил тод болгох,
    - Шүүгчдийн сургалт, түүний дотор шинээр томилогдсон шүүгчдийн сургалтын эрэлт хэрэгцээ өндөр байгааг харгалзан шүүгчээр томилохоос өмнө буюу боломжтой бол шүүгчийн сонгон шалгаруулалтын дараа доод тал нь 6 сарын цалинтай практик сургалт зохион байгуулах.
    - Уул уурхайн салбарын хөгжил, гадаадын хөрөнгө оруулалтын өсөлттэй холбоотойгоор энэ чиглэлийн дагнасан шүүхийг байгуулах. Учир нь энэ салбарын аливаа маргаан нь үнийн дүн өндөр, хугацаа их шаарддаг учраас өндөр мэргэшсэн шүүгч, дагнасан шүүх шаардлагатай байдаг талаар тус судалгаанд дурдсан байна.

     

     

    Судалгааны тайлантай бүрэн эхээр нь танилцана уу.
     

     
     
     

    . . .