-1

Хэн, юу хэлэв...

2016-08-11 08:40:23    |   61

Тахарын албыг татан буулгасантай холбогдуулан тус албаны гүйцэтгэж байсан чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр яригдаж байгаа энэ цаг мөчид, шүүх, шүүгч, гэрч хохирогч, хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байсан Тахарын албаны талаарх зарим шүүгч, шүүхийн тамгын газрын даргын байр суурийг сонирхлоо.

 


Х.Ганболд: Тахарын албанд дэвшилттэй тал олон байсан


\"\"

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд

 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдал болон хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлэхэд Тахарын алба ямар ач холбогдолтой байсан бэ?

2013 онд Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд УИХ-аас шүүхийн багц хууль батлагдсан. Энэхүү шүүх эрх мэдлийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд урьд цагдаагийн байгууллага болон шүүхийн тамгын газраас хэрэгжүүлж байсан шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүхээс оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах, шүүгдэгчийг хуяглан хүргүүлэх, шүүх хуралдааны дэг сахиулах зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулах хууль сахиулах ерөнхий чиг үүрэгтэй Тахарын алба шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулсан.

Тахарын алба 2014 оноос үйл ажиллагааг явуулж эхэлснээс хойш шинэ үйл ажиллагаа, бүтэц, хүний нөөцийн зөв зохион байгуулалтын хүрээнд Шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан хэргийн оролцогч нарыг түргэн шуурхай олж хэрэг маргааныг шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлэх , шүүхийн аюулгүй байдлыг хууль , журмын хүрээнд хангаж ажилласнаар шүүхэд ажиллаж байгаа шүүгч, шүүхийн ажилтнуудын аюулгүй байдал бүрэн хангагдах, хэрэг маргааныг түргэн шуурхай шийдвэрлүүлэх зэрэг дэвшилттэй ажиллаж ирсэн.

Цаашид Тахарын албыг татан буулгаснаар шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүн таслах ажиллагаанд хэрхэн нөлөөлнө гэж харж байна вэ?

2016 оны шинээр байгуулагдсан УИХ-аас Тахарын албаны талаарх эрх зүйн шинэ зохицуулалт хийсэн. Өмнө нь Тахарын албаны хийж гүйцэтгэж байсан чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн ч хийж гүйцэтгэж байсан ололт амжилт, тогтсон үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр сайжруулан гүйцэтгэх учиртай. Цагдаагийн байгууллага хууль сахиулах олон чиг үүргийг гүйцэтгэхээс гадна тахарын албаны гүйцэтгэж байсан энэхүү үйл ажиллагааг хуулиар хүлээн авч гүйцэтгэхдээ хүний нөөц ажлын зөв зохион байгуулалтаар гүйцэтгэхгүй бол шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүхээс дуудсан этгээдийг нэн даруй олж ирэх зэрэг шүүхийн шинэтгэл ухрах эрсдэлтэй.

 

 

Б.Батаа: Харамсалтай нь Тахарын албыг татан буулгачихлаа

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа

 

Тахарын албыг татан буулгах асуудал яригдаж байна. Энэ тал дээр шүүгч хүний хувьд таны байр суурь ямар байна вэ?


\"\"
Монгол Улсын шинэ үеийн түүхэнд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх бие даасан мэргэжлийн алба бүхий төрийн механизм байгаагүй. Харин 2013 онд Тахарын албаны тухай хууль батлагдсанаар төрийн чиг үүргийн хувьд үгүйлэгдэх нэгэн орон зайг нөхөх болсон юм. Ялангуяа, шүүх хуралдааны үед дэг сахиулах, хэвийн үйл ажиллагааг хангах, шүүгч, бусад оролцогч нарыг аливаа халдлага, довтолгооноос хамгаалахад онцгой үүрэг бүхий хөндлөнгийн мэргэшсэн алба байсан. Харамсалтай нь дээрх хуулийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болгож, тус албыг татан буулгачихлаа. Хэрэв энэ чиг үүргийн өөр байгууллага хавсран хэрэгжүүлэх бол гэмт хэрэг илрүүлэх, мөрдөх, нотлох чиг үүрэг хүлээдэггүй хүний нөөцийн хувьд хүртээмж бүхий төрийн мэргэшсэн байгууллага байх ёстой гэж хувьдаа үзэж байна.

 

Тахарын албаны чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ гэж байна. Энэ хэр оновчтой бол?

Шүүх хуралдааны үед хэргийн оролцогч болох хохирогч, шүүгдэгч, гэрч нар нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал их гаргадаг. Энэхүү мэдээлэл нь зарим тохиолдолд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болдог бөгөөд улмаар хэргийн бодит үнэнийг зөв тогтооход чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл тус хэргийг мөрдөх, нотлох чиг үүрэг бүхий байгууллага нь шүүх хуралдааны үед төвийг сахиж, албан үүрэгтэй холбоотой ашиг сонирхолгүй байж чадна гэх магадлал бага байна.

Тахарын албыг татан буулгаснаар гэрч хохирогч, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал дээр үр нөлөө нь буурна гэж та үзэж байна уу?

Мэдээж хэрэг энэ чиг үүргийг хуулиар тусгайлан үүрэг хүлээсэн төрийн бие даасан, мэргэшсэн аппарат хэрэгжүүлэх, эсхүл нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг шалган нотлох, шалтгаан нөхцлийг арилгах, хууль сурталчлах, олон нийтийг соён гэгээрүүлэх, эрэн сурвалжлах зэрэг маш олон чиг үүргийг хуулиар хүлээсэн байгууллага хавсран гүйцэтгэх хоёрын хооронд өртөө илүү зай бий.

 

 

Н.Мөнхбаяр: Эдийн засгийн зардал талаасаа Тахарыг татан буулгахыг дэмжиж байна

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр

\"\"

Тахарын албыг татан буулгалаа. Энэ тал дээр шүүгч хүний хувьд таны байр суурь ямар байна вэ?

 

Асуудлыг хоёр талтай л харж байна. Эдийн засгийн зардал талаасаа татан буулгахыг дэмжиж байна. Учир нь одоогийн тахарууд хийх ажил багатай хуучин жижүүрийн үүргийг гүйцэтгэх маягтай ер нь зүгээр суусан холхисон хэдэн залуучууд л байна. Тэдний шүүхийн ажлын талаархи мэдлэг тун нимгэн, орж ирсэн хүмүүст төрийн ажил үйлчилгээг сайн тайлбарлаж үзүүлдэг гэдэгт эргэлзэж байгаа. Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд тэдний хувцас формыг л харж ажлыг нь ойлгодог, бараг сүрддэг болов уу. Нөгөө талаасаа тэд ажлаа яв цав хийхгүй байна. Энэ байгууллагыг татан буулгаж төсвөөс хэмнэгдэх мөнгөнөөс шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, бичиг тараагч зэрэг жинхэнэ ачаалалтай ажилладаг хүмүүсийн цалинг нэмэх нь зүйтэй.

Тахарын албаны чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ гэж байна. Энэ хэр оновчтой бол?

Оновчтой, гэхдээ ажиллах цагдаагийн албан хаагчдаа шүүн таслах ажиллагааны талаар мэдлэг олгох сургалтад суулгаж мэргэшүүлж, сонгох зарчмаар авч,аль болох тогтвор суурьшилтай ажиллуулах нь зүйтэй.

Тахарын албыг татан буулгаснаар гэрч хохирогч, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал дээр үр нөлөө нь буурна гэж та үзэж байна уу?

Цагдаагийн албан хаагчаа мэргэшүүлбэл үр нөлөө буурахгүй.


Л.Баатар: Тахарын албыг татан буулгасан нь шинэтгэлээс ухарсан алхам

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар

\"\"-Тахарын албыг татан буулгах асуудал яригдаж байна. Энэ тал дээр шүүгч хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

Тахарын алба шинэ тутам байгуулагдсанаар шүүхийн болоод шүүгчийн аюулгүй байдал хангагдсан бөгөөд урд өмнөхтэй харьцуулахад харьцангуй дээшилсэн, мөн гэрч, хохирогчийг хамгаалах асуудал ч эрх зүйн хувьд хамгаалалттай болсон.

-Тахарын албаны чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ гэж байна. Энэ хэр оновчтой бол?

Тахарын албаны чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь энэ байгууллагыг үүсгэн байгуулсан зорилго, хүрэх үр дүн болоод өнөөг хүртэл тэдний хийж гүйцэтгэсэн ажлыг үгүй хийх нь эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн зарим нэг авууштай, дэвшилтэт санаа зорилго, үйл ажиллагаанаас ухарсан алхам болно гэж бодож байна.

Тахарын албаны зарим нэг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлж бол болно гэж үзэж байна. Жишээ нь хэн нэгэн этгээдийг эрэн сурвалжлах, олж тогтоох, албадан ирүүлэх гэх мэт.

-Тахарын албыг татан буулгаснаар гэрч хохирогч, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал дээр үр нөлөө нь буурна гэж та үзэж байна уу?

Буурна гэж үзэж байна.

 

Ц.Ганхуяг: Тахарын албыг татан буулгаснаар шүүхийн хэвийн ажиллах нөхцөл алдагдаж эхэллээ

Сүхбаатар аймгийн шүүхийн

Тамгын газрын дарга Ц.Ганхуяг

Танай шүүх дээр Тахарын хэчнээн ажилтан ямар чиг үүрэгтэй ажиллаж байсан бэ?

\"\"

Манай шүүхэд шүүх хуралдааны дэг сахиулагч хоёр, харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг тахарын дөрвөн албан хаагч, тасгийн даргатайгаар тахарын хэсэг ажиллаж байсан. Манай шүүх дээр эрэн сурвалжлах, хаяг тогтоох гэсэн орон тоо байгаагүй, Дорнод аймаг дахь Тахарын албанаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулдаг байсан. Одоо тэгээд тахар цагдаагийн харъяанд орвол Тахарын зарим ажилтнууд ажлаасаа чөлөөлөгдөнө гэсэн байдалтай байна.

 

Тахарын албыг татан буулгаад чиг үүргийг нь Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэхээр болж байна. Танай шүүхийн тамгын газарт үүнтэй холбоотойгоор хүндрэл, чирэгдэл гарч байна уу?

Тахарын алба байгуулагдсанаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогч нарыг хамгаалах ажлыг маш шуурхай гүйцэтгэдэг байсан. Одоо бол энэ үүрэг цагдаагийн байгууллага руу шилжих гэж байна. Урд нь энэ үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэдэг байхад шүүхийн хуяг гэж нэг хүнийг гэрээгээр ажиллуулдаг байсан л даа. Тэр үед бол шүүх, шүүгчийн аюулгүй байдал огт яригддаггүй, орхигдсон бөгөөд зөвхөн шүүх хуралдааны үед дэг сахиулагчаар л ажилладаг байсан л даа. Хоёрдугаарт шүүхийн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг Тахарын алба биш энгийн жижүүр манаа гүйцэтгэдэг байсан нь аюулгүй байдлыг бүрэн хангаж чаддаггүй байсан юм. Харин Тахарын алба байгуулагдсанаар хэргийн оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх, хаяг тогтоох ажиллагааг шүүгчийн захирамжаар маш хурдан шуурхай ажиллаж, ирүүлдэг болсон гээд давуу тал маш их байсан. Урьд нь бол цагдаагийн байгууллагад шүүгчийн захирамж гаргаад явуулдаг ч хариу өгдөггүй алга болчихдог, тэгээд шүүх хуралдаан хойшилдог гээд хүндрэл, чирэгдэл их гардаг байлаа. Одоо яг энэрүүгээ буцаж орох гээд байна л даа. Ингэхээр шүүхийн бие даасан хараат бус байдал Тахарын алба татан буугдсанаар дээрдэхгүй ээ. Харин ч энэ үүрэг цагдаагийн байгууллагад очсоноор шүүхийн харуул хамгаалалт, шүүгчийн аюулгүй байдалтай холбоотой хүндрэлүүд түрүүчээсээ гарч байна. Тухайлбал шүүхийн жижүүр, тахар хоёр цагдаагийн харьяанд очихгүй ээ гээд ажлаасаа чөлөөлөгдөж байна. Нөгөө талаар шүүх хуралдааны дэг сахиулагчид бас ажлаасаа гарч байна. Тахарын чиг үүрэг, цагдаагийн байгууллага дээр очлоо гэхэд энэ орон тоог нөхөхөд боловсон хүчинг шил сонгож авахад бас цаг хугацаа алдана. Тиймээс ч энэ асуудлыг даруйхан шийдэхгүй бол шүүхийн хэвийн ажиллах нөхцөл байдал алдагдаж эхлээд байна.

Г.Хишиг

Эх сурвалж: \"Өдрийн сонин” №183 /5448/ 2016.08.11

. . .