Шүүх улсын бүртгэлийн цахим санг ашиглах боломж бүрдлээ
2017-11-16 10:26:24 | 84Шүүхийн ерөнхий зөвлөл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай 2017 оны аравдугаар сард хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан.
Санамж бичиг байгуулснаар шүүх эрх мэдлийн байгууллага Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг албан хэрэгцээнд, тодорхой хүрээнд ашиглах боломж бүрдэж байгаа юм.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагааг цаасан баримтаар гаргаж өгөхөд 1-5 хоногийн хугацаа шаардагддаг. Санамж бичиг байгуулснаар шүүх эрх мэдлийн байгууллага мэдээлэл лавлагааг цахимаар болон цаасаар шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.
Үүнээс гадна Санамж бичгийн хүрээнд шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулахад Улсын бүртгэлийн мэдээллийн санг ашиглахад талууд хамтран ажиллахаар боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүх бүрт сонгогдох шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тоог хүргүүлснээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар тусгай программ ашиглан санамсаргүй байдлаар сонгоно. Улмаар нэрс, холбогдох мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлд цахим болон бичгийн хэлбэрээр өгөх юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба