\"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ\" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2020 ОНЫ III УЛИРЛЫН ДУГААР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
2020-10-05 06:17:12 | 86
Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, судлаач, уншигч та бүхэнд \"Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2020 оны 3 дугаар улирлын дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн дугаарт иргэний эрх зүй, арилжаанд холбогдох өгүүлэл, нийтлэл, мэдээллийг түлхүү орууллаа.
Арилжааны бие даасан хуулийн хэрэгцээ, шаардлагын талаар ярьж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч өнөөдрийн байдлаар энэ хууль хараахан батлагдаагүй, харин түүнийг тойрсон олон төрлийн ажил, судалгаа хийгджээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх асуудалд хувь нэмрээ оруулах үүднээс \"Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран шүүгчдийн дунд тус сэдвээр нийтлэлийн уралдаан зарлан, шалгарсан нийтлэлийг энэхүү дугаартаа эмхэтгэн нийтэлж байгаа нь арилжааны бие даасан хуулийг бий болгох, арилжааны хэм хэмжээг боловсронгуй болгох ажилд тус нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж байна.
\"Шүүгчдийн индэр” буланд шүүн таслах ажлын нөр их ачааллын хажуугаар шүүгчид өөрсдөө санаачилга гарган, сонирхсон сэдвээ бие даан судалж, шүүхийн практик, хууль хэрэглээ, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрийгөө хөгжүүлэх, судалгааны ажлын үр дүнгээ нийтэд хүргэх бүтээлүүд нийтлэгддэг. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс шүүгчдийн энэхүү хүсэл эрмэлзэл, зорилгыг дэмжиж, эргэх холбоотой хамтран ажиллаж, шүүгчдийн мэдлэгийн түвшинд боловсруулагдсан өгүүлэл, нийтлэлийг олон нийтэд хүргэхийг зорьж ирсэн билээ. Энэ удаагийн буланд арилжааны эрх зүйд хамаарах хэд хэдэн нийтлэлээс гадна \"Мөнгө хүүлэл ба ёс суртахуун”, мөн \"Ганцаарчилсан сургалт”-д хамрагдсан шүүгчийн \"Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар төлөөлүүлэх” харилцаанд хамаарах өгүүлэл тус тус багтсанаараа онцлог боллоо.
Эмхэтгэлийг үнэ төлбөргүйгээр Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн цахим хуудаст (http://www.judinstitute.mn/) зочилж татан авах боломжтой юм.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН