-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны хагас жилийн тайланг хэлэлцлээ

2016-06-30 08:48:58    |   71

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны 2016 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцэх хурал 06 дугаар сарын 24-ний өдөр \"Баян-Дөхөм” дахь шүүхийн сургалтын төвд боллоо.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, ажлын албаны нийт бүрэлдэхүүн оролцсон тайлангийн хурлыг Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан удирдан явуулж, газар, хэлтэс, албад зэрэг нэгжийн удирдлагуудын илтгэсэн 2016 оны эхний хагас жилийн дүн мэдээ, тайлангаар үргэлжлэв. Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан үндсэн чиг үүрэг, Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, түүний хүрээнд өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явц, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн итгэлийн дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд холбогдох нэгжийн удирдлагуудаас асуулт асууж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх асуудлуудын талаархи хэлэлцүүлэг өрнөлөө.

\"\"

       Хэлэлцүүлгийн үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж \"Ажлын албаны нэгжүүдийн тайлан тус бүрээс харахад зохих түвшинд, сайн ажиллаж байгаа юм байна. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэгээс \"Монгол Улсын шүүхийн цогц зураглал” судалгааг хийж, шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагаанд иж бүрэн, хөндлөнгийн өндөр үнэлгээг өгсөн нь та бүхний ажлын үр дүн юм. Бид бүхэнд шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж бүтээсэн онцлох буюу \"брэнд” ажлууд бий. Эдгээрт \"Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл”, \"Шүүх эрх мэдэл” сэтгүүл, \"Нээлттэй шүүх” сар тутмын хэвлэлийн бага хурал, \"Шинэ менежмент” хөтөлбөр, хөдөө орон нутаг дахь шүүгчийн түр сургалт гээд нэрлэж болно.Цаашид анхаарах асуудлын хүрээнд Ажлын албаны ажилтан тус бүр ажил хэргийн мэдлэгээ иж бүрэн болгож, бүтээлч санал санаачлага бүхий эрэл хайгуулыг алхам тутамдаа хийж, байгууллагын чадавхийг улам бүр дээшлүүлэх хэрэгтэй. Ажлын гүйцэтгэлийг хянах хариуцлагын тогтолцоогоо сайжруулж, хамтарч хөгжих, хувь хүний хөгжилдөө ахиц гаргах, нэгжийн дарга нарт ажил үүргээ хэрэгжүүлэхэд нь бие даасан эрх мэдэл, чадварыг нь эзэмшүүлэх нь чухал” гэж онцлон анхааруулж, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил үйлчилгээ, Шүүхийн ёс зүйн хороонд ирж буй гомдолд дүн шинжилгээ хийж, шүүгчдэд зориулсан зөвлөмж гаргах, 2017 оны шүүхийн төсвийн төсөл, шүүгчийн томилолтын зардал зэрэг асуудлаар дэлгэрэнгүй чиглэл удирдамжийг өгөв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун шүүхийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний төсөл ямар шатандаа яваа, онлайн шүүх хурал хийхэд гарч буй хүндрэл, шүүхүүдийн олон нийттэй харилцах ажлын явц, үр дүнгийн талаар асуулт асуусан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан шүүгчдийн томилолтын зардлын талаарх судалгаа, дүн мэдээг тодрууллаа.

       Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 2016 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцэх, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа нэгтгэн дүгнэсэн тайлангийн хурал амжилттай болж өндөрлөв.

\"\"

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

. . .