Дугуй ширээний уулзалт амжилттай болж, өндөрлөв
2016-06-30 08:56:00 | 71Шүүхийн судалгаа, мэдээлэл, судалгааны хүрээлэн (ШСМСХ)-ээс Өвөр Монголын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран ажиллах санамж бичгийг 2015 оны 10 дугаар сард байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Өвөр Монголын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Манлайхүү тэргүүтэй төлөөлөгчид ШСМСХ-д хүрэлцэн ирж, хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, энэ айлчлалтай холбогдуулан хүрээлэнгээс \"Монгол улс БНХАУ-ын газар, бэлчээрийн эрх зүйн тогтолцоо” дугуй ширээний уулзалтыг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 16:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 104 тоот хурлын танхимд зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад судлаачид, ажлын албаны нийт 15 хүн оролцсон бөгөөд уулзалтын эхэнд ШСМСХ-ийн захирал, доктор Ц.Мандах хэлэхдээ манай хоёр орон мал аж ахуй эрхэлдэг нүүдлийн соёл иргэншилтэй бөгөөд энэ утгаараа газар, бэлчээрийн ашиглалтын асуудал, түүний эрх зүйн орчин нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Иймд хоёр орны энэ чиглэлээр мэргэшсэн, судлаачдыг уулзуулж, газрын эрх зүй, бэлчээрийн газрыг хэрхэн ашигладаг талаар санал, туршлагаа солилцох нь чухал тул энэхүү уулзалтыг зохион байгуулж буйг онцлов.
Уулзалтын хүрээнд Өвөр Монголын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Т.Дайчин \"БНХАУ, Монгол Улсын газрын эрх зүйн тогтолцоо, харьцуулалт” сэдвээр илтгэл тавьж, БНХАУ-ын газрын эрх зүйн тогтолцоо, Өвөрмонголын бэлчээрийн эрх зүйн зохицуулалтын талаар цогц мэдээлэл өгсөн бол тус сургуулийн профессор Манлайхүү \"Өвөр Монголын Өөртөө Засах Орны өөрөө засан төвхнөх тогтолцоо, эрх зүйн шинэтгэл” сэдвээр илтгэл тавив. Энэхүү дугуй ширээний уулзалтад Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн ахлах багш С.Энхмэнд уригдан оролцсон бөгөөд тэрээр \"Монголын газрын эрх зүйн тогтолцоо, бэлчээрийн эрхийн тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавив. Улмаар зочин багш нар болон уулзалтад ирсэн багш, судлаачдын дунд Монгол Улс, БНХАУ-ын бэлчээр, түүний эрх зүйн орчин, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан мэдээлэл солилцов. Уулзалтын төгсгөлд хоёр орон газар бэлчээрийн эрх зүйн хүрээнд цаашид өргөн хүрээнд туршлага судалж, санал солилцох нь чухал болохыг уулзалтад оролцсон төлөөлөгчид онцолж, энэхүү уулзалтыг зохион байгуулсан ШСМСХ-д талархалаа дэвшүүлэв.
Дугуй ширээний уулзалтын дараагаар БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн төлөөлөгчдийг ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нь хүлээн авч уулзсан бөгөөд БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн төлөөлөгчид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өндөр хэмжээнд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, хоёр тал хоёр байгууллагын судлаачдыг харилцан солилцож, дадлагажуулах, хамтарсан хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх тал дээр тодорхой санал солилцов.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН