ОЙД ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР МОД БЭЛТГЭЖ, ТЭЭВЭРЛЭСЭН ТОХИОЛДОЛД БАЙГАЛЬ ОРЧИНД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ, МОД ТАРИХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО

Шийтгэх тогтоолын огноо: 2024.03.29

Шийтгэх тогтоолын дугаар: 2024/ШЦТ/21

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Рашаант” багийн нутаг Тэгшийн эхний “Цагаанчулуутын ар” гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 8.8401 метр куб хэрэглээний хуурай модыг бэлтгэж, ЗИЛ-131 маркийн 00-00 ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 2,683,668.71 төгрөгийн хохирол учруулсан байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. 

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэж, тээвэрлэж дуусах хугацаа, газрын нэрийг заана” гэж, 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурины хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэсэн.     

Иймд шүүгдэгч Д.Б нь Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 100 ширхэг мод тарьж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойн ангид хүлээлгэн өгөх, мөн зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон шийтгэл болохоос гадна дахин энэ төрлийн хэрэг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх хүмүүжлийн чанартай,  байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхүйц албадлага байх болно гэж шүүх үзсэн болно

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.